Сэтгэцийн
эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор,
Америкийн сэтгэц эмгэг судлалын нийгэмлэгийн гишүүн Л. Насанцэнгэлтэй
уулзаж ярилцлаа.
-Сэтгэцийн хувьд эрүүл гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийг зөв танин мэдэж, зөвөөр ойлгож, зөв үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож, нийгэм хамт олны дотор дасан зохицох чадвартай бол сэтгэцийн хувьд эрүүл байна гэж үздэг. Хэрвээ хүмүүстэй дасан зохицож чадахгүй л бол ямар нэгэн байдлаар сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэсэн үг. Манай орны нийт хүн амын 51 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 46 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гурван хувь нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа бий. Тэгэхээр таван хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгээр өвчилж, хоёр хүн тутмын нэгд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байна гэсэн үг. Хүмүүс сэтгэцийн эмгэгтэй гэхээр солиоролтой, орилж хашгирсан, хэвийн биш хүнийг л хэлнэ гэж ойлгодог. Тэгвэл сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь харьцангуй өргөн ойлголт. Яагаад гэвэл хүн сэтгэц, бие хоёроороо л амьтдаас л ялгардаг. Харин нойргүй болох, сэтгэлээр унах, гутрах, санаа зовох, мартамхай болох, толгой өвдөх, айж түгшдэг, архи их бага хэмжээгээр хэрэглэдэг, тамхи татдаг, компьютер тоглодог, ядарч байна, сульдаж байна гэж хэлдэг хүн болгон сэтгэцийн тулгамдсан асуудалтай болжээ гэж ойлгож болно
-Сэтгэцийн өвчин ямар шалтгааны улмаас үүсдэг юм бэ?
-Сэтгэцийн өвчин нь маш олон шалтгаанаас үүсдэг. Удамшлын болон удамших хандлагатай сэтгэцийн өвчнүүд байдаг. Стресс буюу удаан хугацаанд сэтгэцийн хямралтай байх, архи, хар тамхи зэрэг хорт зуршлууд, тархины гэмтэл, бие бялдрын хүнд өвчнүүд, судасны эмгэгүүд, биеийн халдварт өвчнүүд гэх мэт маш олон шалтгаанаас сэтгэцийн өвчин үүсдэг. Нийгмийн бухимдал ч бас нөлөөлдөг. Манайх дэлхийн хөгжингүй орнуудаас сэтгэцийн эмгэгийн тархалтаараа 8-10 дахин бага байдаг. Манай сэтгэцийн эмгэгийн тархалт 1000 хүнд 25 байдаг бол АНУ, Япон зэрэг орнуудад 150-200 байдаг. Ер нь нийгэм хөгжихөд сэтгэцийн өвчин дагаад ихэсдэг гэж болно. Жишээ нь, сүүлийн жилүүдэд манай улсад нийгмийн байдалтай холбоотой архинд донтох өвчин, мансуурах дон, сэтгэл гутрал , амиа хорлох байдал, түгшүүр, сэтгэц биеийн өвчнүүд мөн сургууль завсардалт, гадуур тэнэх дон, биеэ үнэлэх гэх мэтчилэн сөрөг үзэгдлүүд ч нэмэгдэж байна.
-Сэтгэцийн эмгэгээс болж амиа хорлох явдал гарч байна гэж болох уу?
-Амиа хорлолт 2003 онд 100.000 хүн амд 17.4 байсан бол 2008 онд 25.0 болж өссөн байна. Энэ нь олон улсын төвшнөөс харьцангүй өндөр гэсэн үг. Амиа хорлох шалтгааныг олон янзаар тайлбарлаж болно. Хамгийн гол амиа хорлох үйлдэлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Хүүхэд байхаас нь эхлээд ямар нэгэн стрессийг даван туулах чадвартай, стрессээ танин мэддэг, аливаа будлиан самууныг зохистой шийдвэрлэх арга барилтай болгоход эцэг эхчүүд анхаарч, хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал тухайн хүн нийгэмдээ хариуцлагатай өөрийгөө хайрладаг, сэтгэцийн хувьд эрүүл хүн болон төлөвшинө. Гэхдээ амиа хорлосон хүн болгон сэтгэцийн эмгэгтэй байдаггүй. Харин ч эсэргээрээ эрүүл хүн нь дийлэнх байдаг.
-Олны дунд ямар нэгэн буруу үйлдэл хийдэг хүнийг сэтгэцийн өөрчлөлтэй гэж болох уу?
-Үзлэг хийсний дараа тухайн хүнийг эрүүл эсэхийг тогтооно. Эрүүл хүн ямар нэгэн стресс, будлиан, зөрчил маргааныг зөв зохицуулж, шийдвэрлэх чадвартай байдаг. Нөгөө талаас хүний авир араншин, зан байдал янз бүр байдаг. Зарим хүн харьцангуй тэсвэртэй, аливаа асуудлыг зөв шийддэг, будлианыг шийдвэрлэх чадвартай байхад зарим нь огцом ширүүн ааштай, тайван биш, хүмүүстэй зөрчилдөмтгий гэх мэт тухайн хүний зан байдал нөлөөлдөг. Ямар нэгэн байдлаар тухайн хүн авир байдлаар ч юм уу үйлдлээр гэмт хэрэг хийсэн тохиолдолд заавал сэтгэцийн өвчтэй гэхгүй. Манай эмнэлэгт шүүх эмгэг судлалын экспертизэд жилдээ 800-900 хүнд шинжилгээ хийдэг. Тэд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл зүй нь ямар байсан, хэрэг хариуцах чадвартай эсэх, сэтгэцийн хувьд эрүүл эсэхэд дүгнэлт хийнэ. Голдуу эрүү, иргэний хэргийн асуудлуудыг шийдэж, хэрэг хариуцах чадваргүй гэдэг нь тогтоогдвол албадан эмчилгээ хийх шаардлагатай болдог.
-Ганцаардалаас үүдэлтэй сэтгэцийн эмгэг хэр байдаг вэ?
-Ганцаардал гэдэг бол сэтгэцийн тулгамдсан асуудал. Гэхдээ ганцаардсан хүн болгоныг сэтгэцийн эмгэгтэй гэж болохгүй. Учир нь өөртөө сэтгэл хангалуун, тайван байж чаддаг бол тэр хүн ямар нэгэн асуудалд ороогүй гэсэн үг. Нөгөө талаас ганцаардал гэдэг бол сэтгэл гутрал. Энэ нь нийгэмтэй харьцахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бол сэтгэцийн тулгамдсан асуудал үүсчээ гэж үзэн эмчлүүлэх хэрэгтэй.
-Янз бүрийн зүйлд донтох нь бас сэтгэцийн эмгэг байх, тийм үү?
-Донтолт өвчин нь бодист донтох, үйл явдалд донтох гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Бодист донтох гэдэг нь архи, тамхи, наркотик, мансууруулах төрлийн бодис хэрэглэхийг хэлдэг. Үйл явдалд донтох эмгэг нь мөрийцөх, дэмий сэлгүүцэх, компьютерт донтох зэргийг оруулдаг. Компьютерт донтох эмгэг нь Монгол Улсын тулгамдсан асуудлуудын нэг гэхэд болно. Манайд жилдээ 20 гаруй хүүхэд компьютерт донтох өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл энэ хүүхдийн цаана мянга мянган хүүхэд компьютерт хамаг анхаарлаа тавьж донтох хэлбэрт орж байгааг компьютер тоглоомын газруудад орж харахад л мэдэгдэнэ. Энэ нь архинд донтох эмгэгтэй ижил. Архинд донтсон хүн архи уухсан гэж бодоод архи байхгүй үед мөнгө олох бүх аргыг хэрэглэж, ажил төрлөө хаядаг даа. Эцэг эхчүүд хүүхэддээ энэ эмгэг үүсэхээс өмнө сэргийлэх, зөв ойлгуулах, ярьж тайлбарлах хэрэгтэй. Ертөнцийг таньж мэдэх, хувь хүний төлөвшил нь бүрэлдэн тогтож байгаа үед л хүүхэддээ илүү анхарал тавих хэрэгтэй. Хүүхэд юманд амархан дасан зохицож, даган дууриаж, автаж байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцахгүй бол донтох эмгэгтэй болсон хойно нь эмчлэх их хэцүү, эмээр эмчлэгдэхгүй. Сэтгэл заслын эмчилгээ хийсэн ч үр дүн өгөхгүй байх нь ч бий. Гэхдээ л нэг донтсон хүүхэд хичнээн эмчилсэн ч компьютер тоглох юмсан гэсэн дур хүсэл сэтгэлийг нь эзэмдсээр байдаг.
-Архинд донтох өвчинг сэтгэцийн эмгэг буюу сэтгэцийн өөрчлөлт гэж үзэж болох уу?
-Манай улсын хувьд нийт хүн амын 13,6 хувь нь архинд донтох эмгэгтэй. Үүнээс эрэгтэйчүүд 22 хувь, эмэгтэйчүүд 5 хувийг эзэлж байна. 1997 онд 6,4 хувь байсан бол одоо хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Манай улсын насанд хүрсэн нэг хүнд ноогдож байгаа бүх төрлийн согтууруулах ундааг 38 градусын архинд шилжүүлснээр тооцоход 1998 онд нэг хүнд 4,7 литр архи ноогдож байсан бол 2006 онд 9,2 литр болж өссөн. Согтууруулах ундааны үйлдвэрлэл болон импортын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь бас үүнд нөлөөлж байна. Оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг эхийн 58,4 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгчид байдаг. Таван өрх тутмын нэг нь архины хэрэглээтэй холбоотой сэтгэцийн эмгэгт өртдөг. Гэр бүлийн тогтворгүй байдал, сөргөлдөөний гол шалтгааны 97 хувь, гэр бүл салалтын шалтгааны 58,3 хувийг архидалт эзэлж байгааг судалгаагаар баталсан. Мөн гэр бүл дэх хүн амины, хүчингийн гэмт хэргийн 90 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Цагдаад бүртгэгдсэн 120 хараа хяналтгүй хүүхдийн эцэг эхчүүдийн 83 хувь нь архины хамааралтай байснаас гадна эдгээр хүүхдүүдийн 81 хувь нь архи, тамхи, тэнэх, комьютерийн тоглоомд донтох хавсарсан шинж илэрч байсан.
-Мөрийцөх донгийн талаар тодруулаач?
-Мөрийцөх дон маш энгийн байдлаар амархан үүсдэг. Энэ нь хүн мөрийтэй тоглоомыг чөлөөтэй, дахин давтан тоглох байдлаар илэрдэг эмгэг юм. Архинд донтох өвчинтэй яг адилхан. Анх баяр баясгалантай, гэмгүй, сонирхолтой байдлаар эхэлдэг. Эхлээд хүн сонирхож тоглоно. Дараа нь энэ байдал давтагдсаар нэг л мэдэхэд өдрийн ихэнхи цагаа мөрийтэй тоглоом дээр өнгөрүүлдэг болж хувирдаг.
-Сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэг зэргээс урьдчилан сэргийлж болох уу ?
-Бололгүй яахав. Ер нь хүн эрүүл байна гэдэг нь хүний өөрийн хүчин зүйл болох эрүүл ахуйн дэглэм, орчин нөхцөл, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролоос шалтгаална. Ингэхдээ 90 хувь нь хүнээс өөрөөс нь, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллагын хөгжлөөс хамаарна гэж үздэг. Тэгэхээр хүн бүхэн өөрийн сэтгэл гутралыг мэдэх, сэтгэл зүйч эмчид хандаж байвал аливаа стресст автах, сэтгэцийн эмгэгт өртөхгүй байж чадна. Ямар ч насны хүн өдрийн дэглэм, хоолны дэглэм, амралт чөлөөт цагаа зөв зохицуулж, стрессээ зөв тайлж сурах, зөв харилцах ёс зүйг эзэмших хэрэгтэй. Судалгаагаар насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 57 хувь, эмэгтэйчүүдийн найман хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн мэдээ бий. Тэгэхээр наад зах нь архины асуудалгүй амьдарч сурмаар байна. Архинд донтох өвчнийг эмчлэхэд маш их бэрхшээлтэй үр дүн ч багатай байдаг. Мөн түүнчлэн ахимаг насны хүмүүс маань наад зах нь өөрийн амьдралынхаа чанарыг алдахгүйн төлөө залуу байхаасаа эхлэн хөгширсөн хойноо хэрхэн амьдрах, эдийн засгийн асуудлаа яаж зохицуулах, найз нөхөд нийгмийн холбоогоо яаж бэхжүүлэхээ хүртэл төлөвлөж байх хэрэгтэй.
А.Батдэлгэр
No comments:
Post a Comment