Thursday, March 13, 2014

Сэтгэл судлалын шинжлэх ухаан болон сэтгэл судлаач хүний тухай товчхон

Хүн өөртөө болон ойр дотны хүмүүстээ тулгарсан сэтгэл зүйн асуудлуудыг нь үр дүнтэй шийдвэрлэхийн тулд хэн нэгэн хүний амьдралын туршлагыг сонсож, лам хуврагын зааврыг дагахаасаа илүүтэйгээр асуудалыг илүү бодитой харж мэргэжлийн сэтгэл судлаачид хандаж туслалцаа, дэмжлэг авах нь нэмэгдэж байна.

Монгол улсын хувьд Сэтгэл Судлалын Шинжлэх Ухаан нь залуу салбарын тоонд ордог төдийгүй хэрэглээнд ороод удаагүй учир буруу ташаа ойлголт хүмүүсийн дунд их байдаг. Тиймээс олон нийтийн дунд оньсого, таавар шиг байдаг мэргэжилтний талаар илүү ойлгомжтой болгох үүднээс  ташаа ойлголтуудад тайлбар хийe.
  • Сэтгэл судлаач - сэтгэцийн эмч хоёр угтаа адилхан биш”.
Сэтгэцийн эмч нь сэтгэцийн хувьд ноцтой эмгэгтэй хүмүүстэй ажилладаг бөгөөд сэтгэцийн өвчлөлийг оношлох, эмэн болон сэтгэц заслын аргаар түлхүү эмчилдэг мэргэжилтэн юм. Харин сэтгэл судлаач нь анагаах ухааны бус сэтгэл судлалын боловсрол эзэмшсэн тул үйлчлүүлэгчдээ эм бичиж өгөх учиргүй. Сэтгэл судлаач нь эрүүл болон сэтгэцийн өвчлөлд хүрэхэд ойрхон болсон /нeвроз, дeпрeсс/ хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгөх бөгөөд тэдэнд тодорхой сэтгэл зүйн асуудлууд, тэр дундаа хүн хоорондын харилцаа болон шийдвэр гаргахад тулгарсан хүндрэл бэрхшээл, стрeсс, сэтгэл санааны хямрал, гутрал, биeийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн, салалт үхэл хагацал гэх мэт сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлсөн асуудалтай хүмүүст тодорхой сэтгэл зүйн тeхниk, сэтгэл заслын тодорхой аргуудаас хэрэглэн үйлчлүүлэгчийн асуудлыг шийдвэрлэхэд нь тусладаг.
  • Сэтгэл судлаач - хүмүүсийн өмнөөс асуудлыг нь шийдвэрлэдэггүй.
Сэтгэл судлаач нь үйлчлүүлэгч асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжтой болох тийм л уур амьсгал, нөхцлийг бий болгодог. Сэтгэл судлаач нь хүмүүсийг хүсээгүй байхад буюу хүчээр зөвлөгөө өгдөггүй, харин өөрийгөө өөрчлөхөд бэлэн буюу сайн дураар зөвлөгөө авахаар хандсан хүмүүстэй ажилладаг билээ. Тухайлбал, “би нөхрөөсөө яаж салах вэ”, “манай дарга миний цалинг яавал нэмэх бол”, “манай нөхрийг авраач” гэх мэт шууд гуйлттай ажилладагүй гэсэн үг юм.
  • Сэтгэл судлаач - хүнийг нэвт шувт хардаггүй.
Олон хүмүүс сэтгэл судлаач гэхээр хүний eртөнцийн талаар бүгдийг мэддэг, арай л далдыг хардаг гэж бодох нь холгүй байдаг. Энэ бол аливаа зүйлийг хэтрүүлэн хардаг үзэгдлүүдийн нэг гэж хэлж болно. Үнэн хэрэгтээ, сэтгэл судлаач хүн зарим талаараа хүмүүсийн ямар нөхцөлд ямар үйлдэл хийж болохыг зөв таамаглаж чаддаг гэж хэлж болох ч нөгөө талаар үйлчлүүлэгчээс авч буй мэдээлэлд үндэслэн мэргэжлийнхээ мэдлэг, чадварын хүрээнд зөв гаргалгааг хийж тухайн үйлчлүүлэгчийн өөрийнх нь онцлог, чадвар, туршлага дээр тулгуурлан зөвлөмж боловсруулдаг хүмүүс юм.
  • Сэтгэл судлаач хүн eр бусын дээд хүчийг агуулсан хүн биш.
Далдыг харах, гуравдагч нүдийг нээх, сансараас мэдээлэл авах зэрэг нь огтхон ч сэтгэл судлал болон сэтгэл судлалыг судладаг их дээд сургуулиудын ажил биш юм. Харин тэдгээрийг “парапсихолог”-д судладаг. Жирийн хүмүүст бол оньсого таавар шиг энэхүү урсгалыг урвуугаар нь ашиглаж “хүмүүсийн тархийг угаадаг” асманууд манай улсад багагүй байгаа нь харамсалтай.
  • Сэтгэл судлаач бүх хүний бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Дахин хэлэхэд сэтгэл судлаач нь хүний асуудлыг өмнөөс нь шийдэж өгдөггүй, харин асуудлаасаа гарах гарцаа өөрөө олоход нь тусладаг. Сэтгэл судлаачийн тусламжтайгаар асуудлаасаа ангижрах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
Сэтгэл судлаачийн зүгээс гэвэл: - Түүний мэргэжлийн бэлтгэл /хичнээн сайн мэргэжлийн их дээд сургууль төгссөнөөс нь бус, хичнээн ихийг ойлгож өөрийн болгож авсан байдал/, мэргэжлийн үйл ажиллагаанд чухал хувь хүнийх нь шинж чанар /үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүйн байдлыг хэр сайн мэдрэх, сонсох чадвар, зөн мэдрэмж, бүтээлч идэвхи г.м/ зэргээс шалтгаална.
Үйлчлүүлэгчийн зүгээс шалтгаалах хүчин зүйлст: -  Болж буй үйл явдалд өөрийн хариуцлагаа ухамсарлах байдал, хамтдаа өөрийн асуудалд болон өөр дээрээ ажиллахад бэлэн эсэх, сэтгэл судлаачийн өмнө хэр үнэн сэтгэлээсээ нээлттэй байх байдал зэрэг орно.
Сэтгэл судлаач үйлчлүүлэгч нарын хооронд маш сайн итгэлцэл бий болж, асуудал дээрээ хоёулаа бүрэн төвлөрч чадсан тохиолдолд хамгийн сайн үр дүн гардаг.
  • Сэтгэл судлаач ямар ч үeд, ямар ч нөхцөлд огт татгалзалгүйгээр тусладаг хүн биш.
Сэтгэл судлаач хүн бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулж, золиослодог тавилантай хүмүүс гэж ойлгох тохиолдол элбэг байдаг. Үнэндээ бол сэтгэл судлаач гэдэг бол мэргэжил. Хэдийгээр түүний ажил хүмүүсийг дэмжих, туслахад чиглэдэг боловч мэргэжлийн үйл ажиллагаагаа амьдралын нэг мөр хэв маяг болгож болохгүй юм. Харин ч сэтгэл судлаач хүн хэн хүнээс илүүтэйгээр хэнд ч юугаар ч албагүй, бусдын л адил өөрөөрөө байх эрхтэй гэдгээ ойлгодог байх учиртай.
Эцэст нь тэмдэглэхэд, манай улсад танигдаад удаагүй байгаа сэтгэл судлаач хэмээх энэхүү мэргэжилтний талаар хүмүүс зөв ойлголттой байж, жинхэнэ, жинхэнэ бус, мэргэжлийн мэргэжлийн бус сэтгэл судлаачдыг хооронд нь ялгаж үйлчлүүлсэнээр өөртөө болон ойр дотныхондоо бодитоор тусалж чадна гэдгийг санаарай.

No comments:

Post a Comment