Friday, March 14, 2014

Сэтгэцийн өвчин халддаггүй

Сэтгэцийн клиникийн зөвлөх эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч С.Дэлгэрцогт зөвлөж байна. 
 
- Сүүлийн үед хүүхдүүд компьютерийн тоглоомоос болж сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай хэвлэлээр бичиж байгаа. Ийм хүүхдүүдэд ямар эмчилгээ хийдэг вэ. Хожим сэдрэх үү?
- Компьютерийн дон гэж өвчин байдаг. Ихэвчлэн шилжилтийн насны хөвгүүдэд элбэг тохиолдож байна. Энэ өвчин эмчлэгдэнэ. Гэхдээ эмчилгээний үр дүн хүүхдийн итгэл, сэтгэцийн онцлогоос шалтгаална. Yнэхээр болдоггүй юм байна гэдгийг ойлгож байгаа хүүхдүүд байхад эмчилгээ хийлгэснийхээ дараа дахин тоглож, сэдрээх хүүхэд ч байдаг.
- Сэтгэцийн өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Ажил, амралтаа зохицуулж байх нь чухал. Энэ бол анхдагч урьдчилан сэргийлэлт. Цаашдаа сэтгэл мэдрэлийн эмчээс тусламж, зөвлөгөө авах хэрэгтэй.
- Суудлын ядаргаа, мэдрэлийн ядаргаа ялгаатай юү?
-Мэдрэлийн ядаргаа тархины үйл ажиллагаатай холбоотой. Нойргүйдэх, дуу чимээнд муудах, хоол унданд дургүй болох, сэтгэл санаа тавгүйтэх ажлын бүтээл муутай, чадваргүй болох зэргээр илэрнэ. Харин суудлын мэдрэлийн өвчин гуя сүүжээр доош, хөлөө дагаж өвддөг өвчин. Мэдрэлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Чих шуугих нь мэдрэлийн ядаргаа мөн үү?
-Мэдрэлийн ядаргаанаас болж чих шуугиж болно. Даралт багасах, чихний үрэвсэлтэй хүмүүст тохиолдож болно. Сэтгэцийн талаас чих шуугих нь мэдрэл сульдлын хам шинжийн нэг шинж. Мөн сэтгэл мэдрэлийн өвчин дотор солиорох өвчний урьдчилсан шинж тэмдэг ингэж илэрч болно.
- Номын цагаан солио үнэхээр ном их уншсанаас болдог уу?
- Ном уншсанаас номын цагаан солио тусна гэдэг нь буруу ойлголт. Ийм өвчин удмын сэтгэцийн өвчтэй хүмүүст илэрнэ үү гэхээс эрүүл хүмүүст тохиолдохгүй. Харин ном их уншиж, оюуны ачаалал ихэссэнээс болж хүний мэдрэл ядарч, ядаргаанд орж болно.
Мөн сэтгэц сарних буюу шизофрени өвчтэй хүмүүст ийм шинж тэмдэг илэрдэг. Мэдрэлээ ядартал ном уншвал ядаргаа хүндэрч, цаашлаад шизофрени өвчин үүсч болно. Харин ямар нэг ном, эсвэл шинжлэх ухааны сургаалыг өндөрт авч үздэг, үүнд бүх л анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь сэтгэл мэдрэлийн өвчний шинж.
- Галзуурах өвчин эдгэдэг үү?
- Сэтгэл мэдрэлийн өвчин дотоод, гадаад гаралтай байдаг. Дотоод гаралтай нь удамшлын шалтгаантай. Ийм өвчин байн байн дахидаг учраас эдгэхэд хэцүү. Харин гадаад шалтгаан, жишээ нь, тархины гэмтэл, сэтгэлийн хямралаас үүссэн сэтгэл мэдрэлийн өвчин эдгэж болно.
Шизофрени, сэтгэл хөөрөл, гутрал, үечилсэн солиорол зэрэг өвчин дотоод шалтгаантай учраас эмчилгээний явцад засал авч, сайжирч болох ч бүрэн эдгэхгүй. Дахих магадлал ихтэй. Залуудаа шизофрени өвчнөөр өвдсөн хүмүүсийн явц тавилан муутай байдаг. Өвчин нь байн байн дахиж, сүүлдээ эдгэхгүй, үргэлжилсэн маягтай болчихдог тохиолдол байдаг.
- Сэтгэцийн өвчин хавар, намар хөдөлдөг гэдэг. Энэ үнэн үү?
- Yүнийг үечилсэн солиорол гэдэг. Нэг үе сэтгэл нь их хөөрч, дараа нь сэтгэл гутралаар үелэх хэлбэрээр өвчин илэрдэг. Энэ өвчин ихэвчлэн эмэгтэй хүмүүст элбэг тохиолддог юм. Сэтгэцийн өвчин мөн шилжилтийн насанд, сарын тэмдэг ирэх болон цэвэрших үед хурцдах тохиолдол бий.
- Сэтгэцийн өвчин үе үе сэдэрдэг нь хүний биеийн дархлаа сулрахтай холбоотой гэсэн үг үү?
-Цаг агаарын өөрчлөлтөөс болж өвчтөний улиралд дасан зохицох чадвар өөрчлөгддөгтэй холбоотойгоор өвчтөний сэтгэцэд өөрчлөлт гардаг. Хавар хүний биеийн дархлаа сулардаг. Эсвэл зарим өвчтөний хувьд муу зүйл хүйтрэх үед сэтгэцэд нь өөрчлөлт гардаг.
- Галзуурсан нохой, чононд хазуулаад галзуурдаг гэдэг. Галзуу өвчин хүнд халддаг уу?
-Сэтгэл мэдрэлийн өвчин халдваргүй.
- Угийн тайван зантай хүн сүүлийн үед сэтгэл санааны тавгүй байдлаас болж, байнга уурлах боллоо. Энэ сэтгэцийн өвчний шинж мөн үү?
-Уурлах нь олон шалтгаантай байж болно. Сэтгэцийн өвчнөөс гадна сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс, зан төрхийн эмгэгтэй хүмүүст уурлах явдал тохиолддог. Ялангуяа шилжилтийн насанд их тохиолддог. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс байнга бухимдуу, ууртай явж ч болно шүү дээ. Энэ нь сэтгэцийн өвчинтэй холбоогүй боловч цаашид нойргүйдэж, улмаар байнга айж, сэтгэл түгшүүртэй болох, мөн гутралд шилжиж болно.
- Эмгэг төрхтэй хүмүүс гэдгээ тодруулна уу?
-Нийгэмтэй зохицож амьдарч чаддаггүй, заавал гажууд үйлдэл хийгээд байдаг хүмүүсийг эмгэг төрхтэй хүмүүс гэдэг. Тийм хүмүүсийг эрүүл гэхэд хэцүү. Өвчтэй юм уу гэхээр бас биш. Эмгэг төрхтэй хүмүүс дэргэдээ байгаа хүмүүсийг үргэлж эвгүй байдалд, сэтгэлийн хямралд оруулж байдаг. Өөрийгөө ч, өрөөлийг ч зовоодог. Солиорол, тэнэгрэлд ордоггүй, элдэв эмчилгээнд засардаггүй өвөрмөц онцлогтой өвчин. Тийм хүмүүс хамт олны дунд мэдэгдэхгүй яваад байдаг.
- Ийм хүмүүсийг эмчилж болох уу?
-Нийгмийн таатай орчин бүрдүүлсэн тохиолдолд бага зэрэг засрал авдаг уу гэхээс, ерөнхийдөө тогтонгишсон араншин мэт илэрдэг. Жишээ нь, заргач. Иим хүмүүс зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах зорилгоор бусдыг татан оролцуулах сонирхолтой байдаг. Yүнийг заргын дэмийрлээс ялгах хэрэгтэй. Тэд бол тэс өөр юм ярина.

No comments:

Post a Comment