Thursday, May 8, 2014

Хайрын тухай юу мэдэх вэ?
Би 17 настай, эмэгтэй, өөрийгөө хүнд хайртай болсон гэж бодож байна. Гэвч эцэг эх маань намайг жинхэнэ хайр гэж юу болохыг мэдэхгүй гэж хэлэх юм. Чухам хайр гэж юу юм бэ? Би үнэхээр жинхэнээсээ хайртайгаа учирсан бол яаж хэлэх вэ? хэмээн нэгэн Америк охин хувийн болон ихэнх хүмүүсийн хүчин чармайлт гарган ойлгохыг хүссээр байдаг мөнхийн гэмээр сэдвийг асуужээ. Үүнд ямар нэгэн энгийн хариулт өгч үл чадна. Энэ асуудлын нэг хэсэг бол нэгэн төрөлийн хайраас илүүтэйгээр мөн ямар нэгэн үзэгдлийг тайлбарлах илүүтэй зүйл юм. Яг энэ охинд тохиолдсон шиг зүйл өөр хүнд тохиолдоход энэхүү асуудлыг өөр байдлаар авч үзэн хандаж болох юм.
Хүн болгон хайр гэдэг зүйлийг өөрийн амьдралыг туршлага, мөрөөдөл, төсөөлөл, хүсэлтэйгээ холбож өөрийн ертөнцөөрөө харж хүлээж авч байдаг. Ихэнх насанд хүрэгчид ямарваа нэгэн баяр ёслолоор аав ээждээ утсаар БИ ТАНД ХАЙРТАЙ гэж хэлэх нь бий. Магадгүй энэ үг хэн нэгэний өмнө очоод БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж хэлээд тэврэн үнсэж, амлалт өгөн сүй тавин эсвэл гэрлэх үеэс хичнээн ялгаатай болохыг төдийлөн сайн ухаардаггүй.
Романтик болон ижил дасал болсон хайр
Олон жилийн судалгаагаар эрдэмтэд романтик ба ижил дасал гэх хоёр төрлийн хайрыг тодорхойлсон.
Романтик буюу дүрэлзсэн хайр нь хайр дурлалын харилцааны эхний үе шатанд зонхилж байдаг ба бие бие рүүгээ тэмүүлсэн хүчтэй мэдрэмж, хүсэл, сэтгэл хөдлөл зэрэг дээр суурилдаг бөгөөд энэхүү хайр нь аль болох боломжтой цагуудыг хамт өнгөрөөж бие махбодийн хувьд бие биедээ хүрэх, нэг нэгнийхээ тухай бодох, зөвхөн бие биенээ харснаар аз жаргалтай байгаагаа мэдрэх зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлийн илрэлүүдээр илэрхийлэгддэг. Хайр судлаач Бейршед эрчүүд дийлэнх нт өөрийн романтик хайраа олоогүй бол гэрлэдэггүй. Харин эмэгтэйчүүд хайртай биш ч гэсэн гэрлэдэг гэж үзсэн байна. Гэвч дахин судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дийлэнх нь хайргүй байсан ч гэрлэж болох юм гэсэн хариултыг өгсөн байдаг.
Харин ижил дасал болсон хайр буюу элгэмсэг хайр нь өөрийн дотны хүнтэйгээ ойр хажууд нь байх гэсэн хүсэл юм. Энэ хайр нь сэтгэл хөдлөл бага, амгалан байдаг. Энэхүү хайрын утга нь өөрийн заяаны хань, онцгой нэгэн гэдгийг ухамсарлан мэдэрч ойлгох юм. Мөн тухайн харилцааг амжилттай болгоход нөлөөлөх олон зүйлс дээр /сөрөг харилцаа, үйл ойлголцох явдлууд ч байж болно/ бие биенээ халамжлан, санаа тавьж, харилцан ойлголцлын өндөр түвшинд нэг нэгнээ ойлгон хүлээж авдаг. Ихэнх судлаачдын үзсэнээр хайр дурлалын эхний үе шат нь романтик хайрын хэлбэртэй байдаг бол цаашид хайр төлөвших үед ижил дасал болсон хайр болдог гэдэгтэй санал нийлдэг. Энэхүү зүйлс нь ижил дасал болсон хайр нь юу хүмүүсийг бие биедээ сайн хань байхыг хүсэхэд хүргэдэг вэ гэдгийг ойлгуулж өгдөг. Ижил дасал болсон хайр нь “Миний эхнэр миний хамгийн сайн найз” гэх үүнтэй адил үгсийг илэрхийлж чаддаг ба ийм төрлийн хайр нь чухамдаа юу үргэлж хүмүүсийг шинэ сексийн харилцаа эхлэхэд түлхээд байдаг вэ? гэдгээс өөр зүйл юм.
Хайр ба соёл
Бид дэлхийн газар сайгүй тарж өөр өөр соёл орчинд өсөж торнисон ч хайр гэдэг зүйл бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж оршсоор л байдаг. Хайр гэдэг зүйлийн мөн чанар өөрчлөгдөшгүй боловч аливаа соёл, онцлогуудаас хамааран янз бүрийн ойлголтуудыг дагуулсаар байдаг.
Жишээ нь романтик хайр нийтлэг зүйл үү? Эсвэл барууны соёлоос улбаатайгаар гарч ирсэн зүйл үү? Зарим зохиолч судлаачид романтик хайр бол ямар нэгэн соёлын хүрээнээс үүсэн бусад руугаа тархсан зүйл гэж үздэг. Харин антропологич Виллиам Жанковайк энэхүү хайр нь зөвхөн нэг газраас нөгөө рүү тархсан зүйл биш харин хүн төрөлхтөн дэлхийн аль хэсэгт, ямар соёлд байхаас үл хамааран байдаг гэсэн дүгнэлт юм. Гэвч энэ нь соёл үүнд нөлөөлдөггүй гэсэн хариулт хараахан биш юм. Дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүмүүс биднээс тэс өөр соёлтой ч хайр гэдэг зүйлийг адилхан мэдэрч ойлгодог. Гэвч тэдний соёл тэдэнд хайр гэдэг зүйлийг ямар өнцгөөс харах вэ? Энэ нь тэдний амьдралд хэрхэн нөлөөлж гэрлэлт, ахуй амьдралд хэрхэн туслгалаа олдог вэ гэх олон асуултанд хариултын нэг хэсэг болдог. 
Бид Европ болон Ази хүмүүсийн хайраа илэрхийлж буй байдал, түүнд зориулах зориулалт, хайрын талаархи бодлууд зэргийг харьцуулан үзвэл бэлхнээ соёлын ялгаа үүнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг олж харж чадна. Мөн зарим соёлд хайр сэтгэлийг бий болгоход романтик хайр төдийлөн их нөлөөлөөд байдаггүй, энэ нь гэрлэлтэнд нөлөө үзүүлэхгүй хэмээн үзэж гэрлэх шийдвэрийг тухайн гэрлэх гэж буй хүмүүс бус тэднийг төлөөлөн хоёр, гуравдагч этгээдүүд гаргах нь бий. Учир нь тэд ижил дасал болсон хайр нь цаг хугацаа явах тусам бий болно гэсэн хандлагатай байдаг. Тэдний хувьд хайр гэдэг зүйл хариуцлага, үүрэг гэдэг зүйлтэй ямагт холбоотой заримдаа хайраас илүүтэйгээр зонхилж байдагтай холбоотой юм. 1980-аад оноос хойш салалт эрчимтэй өссөн нь Бейршедийн давтан судалгааны үр дүнд гарсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс хайргүй байсан ч гэрлэж болох юм гэсэн хариулт нь үүний шалтгаан байж болох юм хэмээн үздэг судлаачид бий.
            Дээрхи зүйлээс мөн бид өдөр тутмы амьдралаасаа бидний өсөж торнисон соёл ахуй орчин хайр гэдэг зүйлд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлж, үр дүнд хүрч байдаг гэдгийг эргэцүүлж ойлгож болно. Гэвч үүний нөгөө талд хайр гэдэг зүйл соёлоос үл хамааран хүн болгонд адил, тэгш байдлаар ирдэг гэдгийг харж болох юм. Хайрын мөн чанар нэг л байдаг харин бид түүнийг амьдралынхаа туршид өөрсдийнхөөрөө хэлбэржүүлж, ургуулж, амьдруулсаар байдаг.
Хайр цаг хугацааг элээдэг
             Ижил дасал болсон хайрыг бий болгох нь романтик хайраас илүү бэрхшээлтэй байдаг. Ижил дасал болсон хайр нь урт хугацааны тогтвортой харилцаа, гэрлэлт, итгэлцэл, үүрэг хариуцлага зэргийг дагуулж байдаг.
Романтик буюу дүрэлзсэн хайр нь тухайн харилцааг эхлүүлэхэд хамгийн үр дүнтэй сэтгэл хөдлөлүүдийг бий болгож байдаг бол ижил дасал болсон хайр нь үүнийг урт хугацааны турш тогтвортой байлгах хамгийн үр дүнтэй сэтгэл хөдлөлүүдийг бий болгож байдаг. Судлаач Фейгийн явуулсан судалгаагаар романтик хайр нь их дээд сургуулийн оюутнуудын дунд их байдаг ба оюутнуудын талаас их хувь нь романтик хайртайгаа учирсан гэсэн хариулт өгсөн гэвч романтик хайр нь, дур хүсэл, уур бухимдал, айдас, хөөрөн баясах гэх мэт янз бүрийн сэтгэл хөдлөлүүдийг агуулж байдаг . Иймд депресс үүсгэдэг гол шалтгаан болох нь бий.
Романтик хайр нь гэрлэлтийн үндэс болдог бөгөөд романтик хайргүйгээр гэрлэх нь хүм үүсийн хувьд ялангуяа залуу хүмүүсийн хувьд байж боломгүй зүйл мэт. Гэвч ихэнх хүмүүсийн туршлагаас харахад романитик хайр нь харилцааны богино үе байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь гэрлэлтийн дараа нэг эсвэл хоёроос гурван жилд үргэлжилдэг. Хайр дурлалын эхний үе шат нь романтик  байдаг ба цаг хугацаа өнгөрснөөр цаашид дасал болсон хайр болдог гэдэгтэй судлаачид санал нийлдэг. Филен Жейверийн үзсэнээр романтик хайрны үе шат нь бэлгийн дур хүсэл ба сэтгэл ханамжтай холилдож ганцаардлын мэдрэмж байхгүй болж тухайн хүнийхээ талаар шинэлэг зүйлийг олж харах болдог. Харин цаг хугацаа өнгөрхөд бэлгийн дур хүсэл буурч түгшүүрт автаж эхэлснээр зөрчил үүсэн шинэ содон байсан зүйл хэвшмэл зүйл болон ганцаардан уйтгар, гуниг үүсч зарим тохиолдолд өөр хүнээс дотно харилцааг хүсэмжилнэ.
Харин өөрсдийн амжилттай харилцааг удаан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд үр дүнтэй шилжилтийг хийх хэрэгтэй байдаг. Энэ шилжилтийг амжилттай давсанаар ижил дасал болсон хайр бий болдог. Өөрөөр хэлбэл энэ нь амьдралын нэгэн хэмнэлтэй адил бөгөөд энэ хэмнэл зарим үед хүчтэй илэрч байхад заримдаа намжмал байдлаар явагдах нь байдаг. Бидний эргэн тойронд үлгэр жишээ болсон сайхан хайрын түүхтэй, урт удаан үнэнч амьдралын туршлагатай олон хүмүүс байдаг. Энэхүү шилжилтийг их бага хэмжээгээр бидний амьдралд тохиолдно. Харин өөрсдийн үнэнч сэтгэл, хичээл зүтгэл, харилцан чин сэтгэлээсээ ойлголцох, бие биенээ хүндлэх, хариуцлага гэх мэт зүйлийг хамтлаа амтралынхаа туршид хөгжүүлэн бидэнд өгөгдсөн хайр, гэр бүлээ услан тордож арчилах нь бидний гарт байсаар байдаг. Хайрын түгээмэл байдаг энэ хэлбэрээс гадна Роберт Стернберг маү хүчтэй бүрэн дүүрэн идэвхижсэн төгс хайр байдаг гэж үздэг үүнд амлалт, үүрэг, хариуцлага, дур хүсэл, дотно байдал бүгд байдаг гэж үзсэн байна.

Стернбергийн хайрын гурвалжин
Стернберги нь дээрхи гурван хэмжигдэхүүнийг багтаасан хайрын гурвалжингийн онол гэдгийг гаргаж ирсэн бөгөөд төгс хайр нь энэхүү 3 элементийг ойролцоогоор ижил хэмжээтэйгээр багтаасан байдаг гэж үздэг.
Дур хүсэл: энэ нь ихэвчлэн сэтгэл хөдлөлийн байдал дээр тулгуурласан байдаг ба сэтгэл санаа болон бэлгийн таашаал авах мөн тухайн хүнтэйгээ хамт байхад  тааламжтай, аз жаргалтай, хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг.
Ойр дотно байдал: Энэ нь ихэвчлэн бие биенээ харилцан ойлголцох, дотночилсон байдал дээр суурилсан байдаг бөгөөд илүү санаа тавин чин сэтгэлийн харилцаа, сэтгэл хөдлөлийн тогтвортой төвшинд байдаг элемент юм.
Амлалт үүрэг: Хариуцлага дээр суурилсан бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэг, амлалтанд хариуцлагатай байж үүндээ тууштай ханддаг.
Дээрхи төгс хайрын загварын элементүүд бидний харилцаа хэн нэгнийг хайрлахад байсаар байдаг зүйл харин энэ зүйлсээ та хэрхэн хөгжүүлж, төлөвшүүлж, өсгөж байна вэ? Хайр гэдэг зүйлдээ та хэр их үнэ цэнэ ач холбогдлыг өгч байна вэ ? Амьд организм бүхний хувьд өсөлт, цэцэглэлт байдаг бас гундалт, үхэл хүртэл байсаар байдаг. Харин хайр бидний сэтгэл, сүнс, оюун бодолд байдаг үхэшгүй гэвч эмзэг организм. Бидний амьдралыг гэрэл гэгээтэй болгож баяжуулж, баяр хөөрийг өгч байдаг тэгвэл бид хайрыг тэтгэж, тэжээж, өсгөж амьдруулах хэрэгтэй. Та хайр гэдэг зүйлийг мэдэрсэн, нүүр тулсан бол хайрла, өнгөл торд учир нь хайр ч бас таныг төрсөн цагаас тань эхлүүлэн гэрэл гэгээг танд өгөн хамт байсан, хамт байгаа, хүлээсээр байгаа.
Ц.Уянга
 

No comments:

Post a Comment